BUMM интерфэйс гэж юу вэ?

Платформын эрин үе

1950-аад оны IBM том машинаас эхэлсэн OS/360 үйлдлийн систем бол програм хангамжийн доод түвшний платформ бөгөөд персонал компьютерын Microsoft Windows, mac-OS, Linux үйлдлийн системүүд нь 1960-аад онд залган гарч ирснээр орчин үеийн боловсронгуй үйлдлийн системийн хөгжил хүчээ авч, бүх төрлийн аппликацуудын суурь болон дэмжиж ашиглагдах болсон билээ.

Удаахь ээлжинд, тухайлбал 1970-аад оноос мэдээллийн бааз хөтлөх зориулалтын платформууд “есөн шид”-ээрээ зохион бүтээгдэж эхлээд, эдүгээ Oracle, Microsoft SQL гэсэн цөөн хэдэн платформ зах зээлийг эрэлт хэрэгцээг бүрэн хангах болжээ.

Ийнхүү яван явсаар хэрэглэгч өөрийн хэрэгцээндээ зориулан тохиргоо хийгээд ашиглах боломжтой төрөл бүрийн зориулалтын платформууд бий болов. Өдгөө “үүлэн” технологид шилжиж, үйлдвэрлэгч нар хэрэглэгч нартаа програм нийлүүлж, суулгаж өгдөг цаг үе улиран одож, харин түүний оронд хэрэглэгч нь интернэтээс дуртай програмаа сонгож, ашиглах эрх худалдан авч, түүн рүү нэвтрэн, тааллаараа тохиргоо хийн ашигладаг болж эхлээд байна. Ж нь: Trello, Slack, Jira…

Шууд ашиглах програмаас гадна интернэтийн сүлжээнд байрласан “үүлэн” платформууд бий болж, тэдгээр нь нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй порт (API – Application Program Interface)-той байх агаад түүнд хэнбугай нь ч хамаагүй өөрийн аппликациудаа залган ашиглах бололцоотой болж байна. Ингэснээр байгууллагуудын хувьд програм хангамжид үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийхийн оронд, хаана, ямар сервер дээр ажиллаж буйг нь мэдэхгүй платформ дээр суурилсан бүхэл бүтэн систем босгож ашигладаг болж эхэллээ. Ж нь BI дээр Power BI, Oracle Cloud BI гм, CRM дээр Hubspot, ERXES (Монголын бүтээгдэхүүн!) гм.

Транзакцийн журнал хөтөлдөг блокчэйн технологи дээр суурилсан платформууд бий болов. Bitcoin, Etherium, Ripple, Tangle, RaiBlocks гэсэн аль ч блокчэйн технологийн платформ руу нээлттэй портыг нь ашиглан залгагдаж, түүн дээр санхүүгийн болон санхүүгийн бус ямар ч транзакцийн журнал хөтлөх боломжтой болж байна. Банк, төлбөр тооцооны транзакцууд, үл хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын лиценз, иргэний бүртгэл, хувьцаа ба үнэт цаасны бүртгэлийг байгууллагын ямар нэгэн програм ашиглахгүй, “үүлэн” дээр хөтлөхнээ.

Журнал дээр бол зөвхөн бүртгэл хөтөлнө, тэрхүү бүртгэл тодорхой үйл ажиллагааны транзакц буюу үйлдэл хөтлөх бөгөөд тухайн үйл ажиллагаанд зориулсан програмуудыг DAPP буюу задалбал Distributed Application гэнэ. ДАПП-ыг зориулалтынх нь дагуу хийнэ, гэхдээ л бас “үүлэн” дээрээс хайвал тэнд бүх шидээрээ бий.

Нэг ёсондоо ПХ-ын үйлдвэрлэл “код бичих”-ээс бэлэн эд анги “үүл”-нээс түүж аваад угсардаг технологи руу шилжиж байна.

Хиймэл Оюун

Програмыг хүн ажиллуулдаг үе бас өнгөрч байна. Програмыг AI (Artificial Intelligence буюу Хиймэл Оюун) ажиллуулна. AI-ийг хүн шиг сургана. Хүн нь програм ба AI аль алиныг нь өөрийн бизнесийн дүрмийн дагуу тохиргоо хийнэ.

“Банк удахгүй байгууллага биш, платформ болно” гэдгийг нэг их холын юм шиг бодож болохоо байлаа. “Дижитал Банк” гэдэг нь яг одоохондоо биеэ даасан програм хангамжийн систем хэлбэрээр явж байвч, тун удахгүй “үүл” рүү залгагдаад огт програм арчлахгүйгээр банк нээн ажиллуулах боломж буй болох гэж байна. Тэр бүү хэл, банк нь байхгүй, хүмүүс “үүлэн”-д мөнгөн хөрөнгөө байршуулаад, “үүл”-нээс зээл аваад, нэг ёсондоо тэр гэх эзэнгүй “үүлэн” банк руу хүн төрөлхтөн өндөр хурдтай дөхөж байна. Кредит скоринг, Дижитал Банк чинь энүүний тухай юм.

Биг Дата ба Бизнесийн Оюун

Хаа сайгүй “хэрэглэгчийн мэдээлэл дээр ноёрхлоо тогтоосон нь зах зээлээ эзлэх болно” хэмээн шаагицгааж, өөр хоорондоо зах зээлээ, ө.х. хэрэглэгчээ булаацалдахын хирээр хэрэглэгчийн мэдээллийг хав дарж, хэнийг ч халгаахгүй дангаараа ашиглах ёстой мэт “аашилцгаах” боллоо. Энэ хирээр хэрэглэгчийн эрх хөсөрдөж буйг анзаарах сөхөөгүй!

Үнэн хэрэгтээ философ нь бүүр эсрэгээрээ юм. Хэрэглэгчийн мэдээллийг хэн сайн ашигласан нь, гэхдээ хэрэглэгчийн эрх ашигт аль болох бүрэн дүүрэн нийцүүлж ашиглаж чадсан нь зах зээлд амжилт олно гэж байна. Хэрэглэгчийн мэдээ хаа нэгтээ бүртгэгдсэн бол тэр мэдээ нь хаа сайгүй ашиглагдаж, хаана ч бараа, үйлчилгээ авахад тэрхүү дата дээр нь үндэслэн түүний хүссэн бараа, үйлчилгээг түүнд хамгийн түвэггүй бөгөөд хамгийн тааламжтай нэр төрлөөр нь хангах хэмжээний үйлчилгээ санал болгож байдаг орчныг бий болгохын төлөө технологи ажиллаж байна. Энэ чинь юу гэж байнаа гэвэл мэдээллийг аль болох түгээмэл, нийтээрээ ашиглах орчин үүсгэх тухай ярьж байна Seven fintech trends to watch for in 2018 . Дата ашиглах ийм технологийн урсгалыг Биг Дата гэж товч бөгөөд тодорхой томьёолон нэрлэж байна. Биг Дата ашиглах арга зүй, шийдэл нь Бизнесийн Оюун буюу Business Intelligence, товчоор BI гэгдэж байна. Олон цэгээс нэг дор дата цулгуулж, тэрхүү дата дээр танин мэдэхүйн анализ хийгээд, эргүүлээд нийтэд түгээх BI платформууд ажиллаж байна.

Датагийн эзэн нь ХЭРЭГЛЭГЧ! Европын Холбоо PSD2 гэсэн захирамжаар хууль гаргав. Баруун Европын банкууд дансны бүртгэлийн суурь системдээ залган ажиллах Опен Банк гэсэн интерфэйс заавал ашиглахаар болж байгаа юм. Хуулийн заалт 2018 оны 1-р сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Нэг ёсондоо мэдээллийг дарах биш, түгээх, хэн их хэмжээний мэдээлэлтэй байх тухай биш, хэн тал талаас цуглуулсан мэдээллийг чадамгай ашиглах, ашиглаад хэрэглэгч нартаа үйлчлэх гэсэн үзэл санаа явж байна.

МОСТ Финтек компанийн BUMM интерфэйс гэж юу вэ?

Монголчууд бид гар хумихаагүй байна. МОСТ Финтек нь төлбөр тооцооны сүлжээний суурь платформоо 2012 онд ашиглалтанд оруулсан билээ. Түүн рүү нэг талаас банк болон бичил санхүүгийн ямар ч байгууллага (Financial Institutions), нөгөө талаас худалдаа, үйлчилгээний ямар ч байгууллага (Service Providers) залгагдан ажиллах нээлттэй порт буюу оролт/гарцтай. Тэгээд эцсийн хэрэглэгч нартаа зориулж Most Money гэсэн брэнд нэрээр мобайл-хэтэвчийн үйлчилгээгээ нийтийн хүртээл болгосон.

Тэгвэл 2017 онд хэн ч хамаагүй залгаад, өөрийн мобайл хэтэвч, интернэт порталаар виртуал-үйлчилгээгээ нээж ажиллах бололцоо олгож, BUMM нэртэй нээлттэй порт (API) гаргав. Уг нь анхны санаа нь банкуудад зориулсан, тэгээд Bank Upgraded Most Money гэж нэрлэсэн, гэвч энэхүү порт руу ердийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд ч гэсэн холбогдоод, өөрийн аппликациа хэрэглэгч нартаа гаргаж болох юм. Жишээ нь BSB Pay, NominPay, MonosPay гм.

Одоогоор CapitronPay, TDBPay, ARDPay гэж гараад байна. Худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас удахгүй TesoPay мэндлэх болов уу.

Ард талд нь Big Data ашиглан AI, BI ажиллаж, удахгүй гүйлгээг нь блокчэйн журнал дээр хөтөлдөг болох юм.

Байгууллага хоорондын төлбөр тооцоонд зориулан Corporate Gateway ашиглалтанд оруулна.

Тэгээд нөгөө УИХ-аас зээлийн хүүг захиргаадалтын аргаар хязгаарлах гэж байтал, банк-санхүүгийн үйлдвэрлэлийн өртөг унаж, зээлийн хүү аяандаа буурна.

Бодитой процесс явагдаж байгаа юм шүү дээ! Хөгжил!

——

Next time I’ll be sharing my thoughts about: Why Cryptocurrencies Are the Smartest Speculation You Can Make Today!

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *