Цахим төлбөрийн салбар дахь Монголын амбиц

цахим төлбөрийн салбар дах монголын амбиц

2016 оны 12 сарын 04, А. Сүхдорж

Дэлхий дахинаа төлбөр тооцооны аж үйлдвэр хөгжлийнхөө шинэ үе рүү дэвших эгзэгтэй цаг үед оршиж байна. Гол “буруутан” нь гар утас – 21-р зууны зулай даран үүрэн холбооны операторууд шуурч, араас нь финтекүүд, мэдээллийн технологийн гигантууд, еКоммерцийн түрлэг хүчээ авсан бол өдгөө угийн консерватив уламжлалтай банкууд нойроос нэгэнт сэржээ.

“Төлбөр тооцооны глобал аж үйлдвэрлэл хурдтай урагшилж байна.  Google, Samsung, Apple болон бусад еКоммерц ба мэдээллийн технологийн аваргуудын шахалтанд орсон банк-санхүүгийн байгууллагууд нь төлбөрийн экосистемийн зангилаа дамжлагын үүргээ биелүүлэх шаардлагадаа хөтлөгдөж, нөгөө талаас харилцагч нартаа хүргэх үйлчилгээгээ эрхэмлэн, …  шинэ стандартууд гаргаж тогтоох санаачилгыг барьж аваад байна…”, “… энэхүү стандартжуулах үйл явцад банкуудын оролцоо идэвхжиж буй явдлаас эцсийн хэрэглэгчид, том утгаараа нийт төлбөр тооцооны салбар хожно гэж Дэлхийн Smart Payment Холбоо (SPA) харж байна.” хэмээн тус холбооны ерөнхийлөгч Эндрэс Стробел 2016 оны сүүлээр зохион явуулахаар төлөвлөж буй цуврал арга хэмжээний оролцогч нарт гаргасан уриалгадаа дурьджээ. Түүний цохон тэмдэглэх гэсэн гол санаа нь “түлхүүр” асуудал бол стандартын асуудал, үүн дээр олон тоглогч нар тус тусын замаар явж байна, тийм учраас өөр хоорондоо нэгдэж, эцсийн дүндээ давхар стандартууд гаргахгүй байх явдалд анхаарах, нөгөө талаас стандарт гаргах явц цаг хугацаа нилээд авах бололтой, гэхдээ технологийн компаниудад чөдөр тушаа болохгүй, харин ч тэдэнтэй ойр хамтран ажиллах явдлыг эрхэмлэхийг уриалсан байна.  “… Хэд хэдэн ийм том хэмжээний эволюцийн ирмэг дээр SPA оршиж байгаа нь сэтгэл татам юм. Төлбөр тооцооны аж үйлдвэрийн голлогч этгээдийн хувьд тоглогч бүртэй нягт хамтран ажиллаж бүгдэд нийцсэн нийтлэг стандартууд гаргаж чадах ёстой” гэж ноён Стробел уриалгаа төгсгөсөн байна.

Бид Монголчууд яах ёстой вэ? Технологиуд баруун зүүнээ олцгоож, стандартууд төлөвшин тогтохыг хүлээх үү, эсвэл өөрсдийн замаа гаргаж урагшлах уу? Өндөр технологийн тухайд угаасаа сүүл баригч байдаг гэсэн хандлагаас ангид сэтгэж бид чадах уу?

Тэгвэл тийм бодит бололцоо бий гэж МОСТ үзэж байгаа юм. Түүний МонголБанк, Монголын Банкуудын Холбоо, Төлбөр тооцооны Үндэсний Зөвлөлд хүргүүлээд байгаа захидалд ингэж тэмдэглэсэн байна: “Монгол Улсын банкны салбарын сүүлийн 10-аад жил цахим төлбөр тооцооны чиглэлд их бүтээн байгуулалт, ололт амжилтын он жилүүд болж өнгөрлөө. Цахим төлбөр тооцооны дэд бүтцийн үндэс суурь тавигдав. Нэгдсэн стандарт протоколоор холбогдсон мэдээлэл-холбооны технологийн “оператор” байгууллагуудын нээлттэй сүлжээний суурь шийдлүүдийг МОСТ ПСП ХХК ашиглалтанд амжилттай оруулж, энэ сүлжээ нь өдгөө 5 дахь жилдээ ажиллаж, өдөр өдрөөр хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн эрэлт хэрэгцээ болох нь нотлогдож, нэр хүнд нь тууштай өсч байна. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээг нэвт онлайн болгох асуудлыг МонголБанктай хамтран шийдсэн. Арилжааны банкуудын смарт/мобайл, интернэт үйлчилгээ өргөн олны өдөр тутмын хэрэглээ аль хэдийнээ болж “газар авсаар” байна. Энэ бүхний ард талд 100% дотоодын програм хангамжийн үйлдвэрлэгчид өсөн бойжиж байна.” гэжээ.

Бид тэргүүлэгчдээс хоцрохгүй, тэр бүү хэл тэргүүлэгчдийн эгнээнд өөрийн замаа гаргаад урагшилъя, гагцхүү эцсийн бүлэгтээ дэлхий нийтээрээ тодорхой стандарт дээр зөвшилцөлд хүрч таарна, тэрүүнээс нь бид шал сондгой зөрөөд давхичихсан байж болохгүй гэдгийгээ анхаарах ёстой. Үүний тулд бид тэргүүлэгчдийн баримталж буй чиг хандлагыг нэвт шувт мэдэж, цаашид гарах стандартуудыг урьдчилан таамаглаж, түүнд нийцэхүйцээр шийдлээ гаргаж хэрэгжүүлэх ёстой. Дэлхий дахинаа  “мобайл өрнөл” нь нэгэнт тогтчихсон одоогийн картын дэд бүтцийг аль болох ашиглахыг эрмэлзэж байна.

Дараагийн том даалгавар бол төлбөрийн шийдлээ хэрэгжүүлэхдээ төлбөр төлөгчийн төлбөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах явдал. Гүйлгээ үүсээд, банкны харилцагчийн төлбөрийн мэдээлэл гүйцэтгэлийн аль нэг дамжлага дээр замаасаа болон харилцагчийн өөрийнх нь гар утсан дээрээс алдагдах, мөн гар утсаа гээх тохиолдолд түүнийг нь хөндлөнгийн этгээд төлбөр хийхэд ашиглах боломж бүрэн хаалттай байх ёстой. Most Money хэтэвчний ард МОСТ нь технологийн болон банкны салбарын өөрийн түнш байгууллагуудтайгаа хамтран энэ бүх шаардлагыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дэлхийн картын дэд  бүтцэд нэгдэхэд сертификат олгодог PCI DSS байгууллага хөдөлгөөнт банк, төлбөр тооцооны сертификатын шаардлагуудаа гаргахаар ид ажиллаж буй Most Money хэтэвч түүнд бэлэн.

Монгол дахь төлбөр тооцоо хүлээн авах дэд бүтэц нь дэлхийн дэд бүтцийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг байх, нөгөө талаас Монголын хэрэглэгч мобайл хэтэвчээ өвөртлөөд дэлхийн бөмбөрцгийн хаана ч төлбөр хийчихдэг байх ёстой гэсэн нөхцөл нь бидний ажлын бас нэг суурь удирдамж юм.

Эцсийн бүлэгт мобайл хэтэвчийг “эцсийн хэрэглэгч” болох банкны харилцагчид маань таашаах ёстой. Үүний тулд хөгшид, хөвөөгүй ашиглаж чадахуйц энгийн хялбар байх ёстой нь ойлгомжтой, гэхдээ энэ нь бүх нийтийн хэрэглээ байх хангалттай нөхцөл биш, төлбөрийн картыг орлохоос гадна ахуйн биллүүдээ төлдөг, дотоод, гадаадад ойр зуурын хэрэгцээний онлайн мөнгөн шилжүүлэг, гуйвуулга хийх функцтэй байх, элдэв төрлийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний дансаа цэнэглэдэг байх, интернэтээр хийгддэг төрөл бүрийн үзвэр, үйлчилгээний захиалга, худалдан авалтын төлбөр хийчихдэг байх, лоялти ба бэлэгний картуудаа цахим аргаар гар утсандаа татаж аваад ашигладаг байх гм боломжуудыг агуулах ёстой гэсэн мобайл хэтэвчний нийтлэг дүр зураг дэлхий дахинаа нэгэнт тодорч тогтоогджээ.

Энэ бол шинэчлэл, гэхдээ зөвхөн технологийн шинэчлэл төдий биш үндэсний хэмжээний төлбөр тооцооны аж үйлдвэрийн салбарын хэмжээний шинэчлэл юм.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *