Хэрэглэгчийн мэдээлэл ба түүний хэрэглээ…

Хэрэглэгчийн мэдээлэл

Хэрэглэгчийн мэдээлэл гэж юу вэ?

Коллинсын толь бичигт хэрэглэгчийн мэдээлэл гэдэг нь өнөөгийн цахим нийгэм дэх аливаа үйлчилгээ үзүүлэгч болон банк санхүүгийн байгууллагын мэдээллийн сан, систем, компьютер дээр хадгалагдаж, хуримтлагдаж байгаа хувь хүний овог нэр, нас хүйс, холбоо барих мэдээллээс эхсүүлээд санхүүгийн чадавх, сонирхол, худалдан авах зан араншин мэтчилэнгийн бүх мэдээллийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Яагаад хэрэглэгчийн мэдээлэл тийм үнэ цэнэтэйд тооцогдож байна вэ?

Өдгөөгийн хэрэглэгч төвтэй үзэл баримтлалд тулгуурласан бизнесийн орчинд хэрэглэгчийн мэдээлэл гэдэг нь ямар ч байгууллагын хамгийн том үнэт зүйл юм. Үйлчилгээ үзүүлэгч болон санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдийнхээ тухай аль болох дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар оролдож байна. Байгууллагууд олборлосон өгөгдлүүд дээрээ Artificial Intelligence, Machine Learning гэх мэт орчин үеийн техник технологи ашиглан шинжилгээ хийж, бизнес үйл ажиллагаагаа дэмжихүйц зорилтот мэдээлэл гарган авч, улмаар хэрэглэгчдийнхээ сонирхол, хэрэгцээнд илүү нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ. Жишээлбэл Фэйсбүүк хэрэглэгчдийхээ “like”, “share” хийж байгаа үйлдлүүдээр зогсохгүй тэдгээрийн найз нарынх нь үйлдэл, зан төлөв зэрэг дээр үндэслэн тухайн хүнд тохирсон мэдээлэл, сурталчилгааг түлхүү санал болгож, үйлчилгээнийхээ хэрэглээг улам бүр тэлсээр байна. Нэг ёсондоо хэрэглэгчийн мэдээлэл нь байгууллагын бизнесийн амжилтын төлөвийг тодорхойлсон томоохон хүчин зүйл болоод байна.

Өнөөг хүртэл бизнес эрхлэгчид тус бүрдээ зөвхөн өөрийн хэрэгцээндээ мэдээлэл цуглуулж, хэрэглэгчээ “өмчлөх” эрмэлзэлдээ хөтлөгдөн датагаа “дарах” гэж хандлага түгээмэл байв. Тэгвэл одоо data-sharing маш чухал ач холбогдолтой болж байна.  Эцсийн хэрэглэгч нартаа хямд төсөр, түргэн шуурхай, чанартай бараа, үйлчилгээ хүргэх зорилтын үүднээс авч үзвэл байгууллагууд өөр хоорондоо мэдээллээ хуваалцах замаар илүү өргөн дэлгэр боломж бий болгох нь чухал билээ. Алсын хараа талаасаа аваад үзэх ахуул байгаа мэдээллээ “дарах” биш, харин ч нээлттэй хуваалцах замаар өртгөө бууруулж, үр дүнд нь өрсөлдөх чадвар нь сайжрах болж таарч байна.

Хэрэглэгчийн мэдээллийн хамгийн том олборлогч хэн бэ? Энэ бол банкууд, гэтэл тэдний дунд data-sharing буюу мэдээллээ нээлттэй хуваалцах зарчмын эсрэг хандлага түгээмэл байсаар ирсэн. Тэд олборлосон мэдээллээ гуравдагч этгээдэд нээлттэй болгох аваас яагаад дараах эрсдлүүд байна хэмээн болгоомжилж байна вэ?

  • Санхүүгийн мэдээллийг Финтек байгууллагууд илүү үр ашигтай ашиглаж чадаж байгаа дээр санаа зовниж байна. Форрестерийн судалгаагаар банкууд дээрх мэдээллийн 99.5% нь бүрэн бус, эсвэл бүр огт анализ хийгдээгүй түүхий дата байдаг ажээ. Гэтэл мэдээллээр мэргэшсэн Амазон гэх мэт гуравдагч байгууллагууд зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд санхүүгийн мэдээллийг бусад үйлчилгээ ашиглалтын мэдээлэлтэй холбон анализ хийж, банкуудаас илүү үйлчилгээ үзүүлээд эхлэхвий гэдгээс айцгааж эхлэв.
  • Фэйсбүүк төлбөрийн шийдлийг өөрийн мессенжертээ оруулан нэвтрүүлж эхэллээ. Энэ мэтээр Финтекүүдийн үйлчилгээний ард банкны үйлчилгээ нь платформ төдий болоод эхэлбэл банкны брэнд, дүр төрх алдагдах, улмаар бүүр устаж үгүй болох аюултай гэсэн айдас үүсч байна.
  • Банкны дунд ба доод түвшний ажилтнууд data-sharing-ийг ажлын байраа алдах шалтгаан, заналхийлэл гэж харж байна.
  • Хэрэглэгчийн мэдээлэл нээлттэй болсноор түүнийг хадгалах, ашиглах аюулгүй байдал хэрхэх талаар бүгд бодож байна. Залилангийн гүйлгээ хэр их гарах, гадны халдлагад өртөх магадлал хэр байх вэ, эдгээрийн аюулгүй байдлыг Финтек байгууллагууд хангаж чадах эсэх гээд эргэлзээ төрүүлсэн асуудлууд их байгаа нь ойлгомжтой.

Гэхдээ эдгээр нь шийдэх ёстой асуудлууд юм. Энэ ч үүднээс Европ даяар тэр дундаа Англи улс мэдээллийг Финтек байгууллагуудад нээлттэй ашиглахын хэрэгцээ, эерэг үр дүнг олж харан Open Banking гэсэн ойлголтыг гарган PSD2 (Payment Service Directive 2) журмыг хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Энэхүү журам нь банкуудыг хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр мэдээллийг тодорхой лицензтэй гуравдагч этгээдэд нээлттэй байлгахыг заасан бичиг баримт юм. Үүнийг дагаад Австрали улсын санхүүгийн болон даатгалын байгууллагууд уг санаачилгыг дэмжин, ижил чиглэл баримтлахаа хэдийнээ илэрхийлээд эхэлсэн байна.

Open Banking ойлголт хэрэгжсэнээр:

  • Банкууд Финтекүүдийг ашиглан харилцагчиддаа өөрийн үйлчилгээг тэдгээрийн үйлчилгээний хамтаар нэмэлт зардал чирэгдэлгүй хямд төсөр бөгөөд илүү өргөн хүрээнд хүргэх боломжтой болж байна. Үр дүнд нь банкуудын өртөг буурч, өрсөлдөх чадвар нь сайжрах болно.
  • Эцсийн хэрэглэгчийн эрх ашиг, сонирхлын үүднээс харвал, Финтекүүдэд санхүүгийн мэдээлэлд хандах гарц нээлттэй болсноор дата анализ хийх чадвараа ашиглан илүү ач холбогдолтой, хямд төсөр, чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Google, Alibaba зэрэг байгууллагуудын хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн судалгааны хэрэгтэй зүйлийг таньж олох системийн чадавх нь хүний үйл ажиллагаанаас хамаагүй сайн байж чадаж байна.
  • Аюулгүй байдал талаасаа аваад үзвээс, банкны мэдээлэл рүү хандахад ашиглагдаж буй өнөөгийн “screen scraping” буюу хэрэглэгчийн нэвтрэх мэдээллийг ашиглан өмнөөс нь банк руу ханддаг аргачлалыг халж, банкны мэдээлэл рүү нууцлалтай холболт үүсгэн шууд ханддаг “plug-and-socket” аргачлал руу шилжих нь зүйтэй гэж үзжээ.

Эцэст нь нэг талаас банкны салбарын ойлголт, нөгөө талаас Финтек, Старт-Апуудын хүсэл эрмэлзэл хоорондын гол цөм нь Хэрэглэгчийн мэдээлэл байна. Энэ цөм нь хэний өмч вэ? Хууль сахиулагчдын үзэж буйгаар бол Хэрэглэгчийн мэдээллийн өмчлөгч нь Хэрэглэгч өөрөө юм. Хэрэв хэрэглэгч илүү хэрэгтэй, тав тухтай, түргэн шуурхай хямд үйлчилгээ авахыг хүсээд, үүнийхээ төлөө мэдээллээ нээлттэй байлгахыг зөвшөөрч байгаа бол Финтекүүд яагаад үүнийг хэрэглэж болохгүй гэж? Мэдээж энэ бүх асуудлыг шийдэхэд төр засгийн дэмжлэггүйгээр урагшлахад бас хүндрэлтэй юм.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *