ТАНЫ АНЗААРААГҮЙ УХААЛАГ БОЛОМЖУУД

1946 онд анхны орчин үеийн хэв загвар бүхий компьютер бий болсноор одоогийн бидний эдэлж, хэрэглэж буй цахим хэрэглээний эх үндэс тавигдсан билээ. Жилээс жилд технологийн хувьсал өөрчлөгдөн, хөгжсөөр, асар их инноваци, туршилт, бүтэлгүйтлийн үр дүнд өнөөдөр та бидний урд энэхүү ухаалаг төхөөрөмжүүд бий болжээ.

Үүний хамгийн энгийн жишээ бол гар утас. 1971 онд Theodore G. Paraskevakos харилцаа болон тооцооллыг зэрэг хийж чаддаг анхны нэгдлийг зохион бүтээснээр жилээс жилд хөгжин, шинэчлэгдэж одоогийн бидний хэрэглээнд нэвтэрсэн гар утсыг бий болгоод байгаа билээ. Ухаалаг гар утас нь видео камер, компьютер, хөдөлгөөн мэдрэгч зэрэг олон төрлийн төхөөрөмжийн шинж чанарыг агуулсан байдаг. /эх сурвалж: mn.wikipedia.org/ Гэвч хүмүүсийн дийлэнх хэсэг ухаалаг утсыг ярих, мессеж бичих, зураг авах, интернетэд холбогдох гэсэн хэдхэн үйлдлийг хийхэд л  ашиглах нь элбэг. Магадгүй мэддэг хэдий ч ашиглахыг хүсдэггүй, яаж ашиглахыг оролдож үзээгүй ч байж мэдэх юм. Тэгвэл та бидний цүнхэнд багахан зай эзлэх энэхүү ухаалаг төхөөрөмжийг ашиглан бид юу хийж болох вэ? Ухаалаг утсыг илүү ухаалаг байдлаар хэрхэн ашиглах вэ?

Эрүүл мэнддээ анхаарах 

Эрүүл байхыг хүн бүр эрхэмлэдэг. Гэвч байнгын суугаа ажил, эрүүл бус хооллолт зэргээс болоод бидний бодсоноос эсрэгээрээ эргэх тохиолдол цөөнгүй. Сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн олон аппликэйшнүүд хөгжүүлэлт хийх болсноор бид ухаалаг утсаа ашиглаад л дасгал хөдөлгөөн хийх заавар зөвлөгөө авч, эрүүл хооллолтын жорыг нэг дороос харж, бүр цаашлаад өөрийнхөө эрүүл мэндийн үзүүлэлтийг ч хянах боломж бий болсон. PedometerSamcung health, IPhone Health гэх зэрэг аппликэйшнүүдийг санал болгож байна.

Санхүүгээ удирдах 

Өдөр тутмын завгүй хэмнэлээсээ болоод төлөх ёстой биллээ хугацаанаас нь хоцроогоод, алданги тооцуулахыг хэн л хүсэх билээдээ. Одоо болтол банкны урт дараалалд дугаарлан алтан цагаа үрсээр байгаа юм биш биз. Таны энэ асуудлыг шийдэхээр банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ганцхан аппликэйшн ашиглаад л төлбөр тооцооны бүхий л асуудлаа /төлбөр тооцоогоо төлөх, худалдан авалт хийх, банкны үйлчилгээг авах, хуримтлал үүсгэх, хувийн санхүүгээ удирдах/ ухаалаг утсаараа шийдэх боломжтой болсоор багагүй хугацаа ч өнгөрчээ. Одоо болтол туршиж үзээгүй байгаа бол заавал аппликэйшнээ татаад үнэт цагаа гэр бүл, хайртай дотнын хүмүүстээ зарцуулаарай гэж зөвлөе.

Холбоотой нийтлэл: Most Money бидэнд юу өгч чадах вэ?

Ажлаа төлөвлөх, хянах

Өдөр тутмын ажлаа утсан дээрээ төлөвлөх нь хамгийн ухаалаг сонголт. Бусадтай уулзалт төвлөх, таны хийх ажил, уулзалтыг сануулах, ажлын цагийн хуваариа шалгах зэрэг бүх зүйлийг нэг дороос хянах боломжтой. Хааяа хэрэгцээтэй файл, хурлын тэмдэглэл зэргийг эх файлаар нь авч явах, засах хэрэгцээ шаардлага хүн бүрд л тулгардаг. Энэ үед дийлэнх хүмүүс зөөврийн хэрэгсэл болох плаш, хард зэргийг ихэвчлэн хэрэглэх нь элбэг. Гэвч та онлайн орчинд хаанаас ч, хэзээ ч нэвтрээд  өөрийн хүссэн файлаа засч, хэвлэж, нэг нэгэнтэйгээ хуваалцах үүлэн тооцоололд суурилсан аппликэйшнийг ашиглах нь танд болон таны хамтран ажиллагчдад ч таалагдах болно. Та заавал том овор хэмжээтэй нөүтбүүк, таблет зэргийг авч явах шаардлагагүйгээр ухаалаг утсаараа ч хийх боломжтой.

Хүн бүхний хэрэглэх боломжтой хамгийн энгийн ажлын төлөвлөлтийг та Google calendar – ыг ашиглан хийж болох юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *